✍️ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШ ШАТАХУУНЫ НӨӨЦӨД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО.

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.08) боллоо. Уг хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын төлөв, салбарын өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж ажиллах болон тээвэрлэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Мөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, салбарын сайдын зүгээс ЗТЯ болон газар хэлтэс, харьяа байгууллагын удирдлагуудад дараах үүрэг даалгавруудыг өглөө.
ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШ ШАТАХУУНЫ НӨӨЦӨД АНХААРЧ АЖИЛЛАНА
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан зорчигч тээврийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд онцгой анхаарч, тээврийн үйлчилгээг тасралтгүй, аюулгүй зохион байгуулахыг салбарын нийт удирдлагуудад онцгойлон анхаарууллаа.
Мөн дэлхий дахинд болон бүс нутагт газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хүндрэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан байгууллага тус бүр түлш, шатахууны нөөцөө урьдчилан бүрдүүлж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг санууллаа. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоо байгаа түлш, шатахууны нөөц холбогдох тооцоо судалгааг хийж, үндсэн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажлуудад тасалдал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллахыг үүрэг болгов.
АВТО ЗАМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛАВ
Энэ удаагийн шуурхай хуралдаанаар зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цаг агаарын хүндрэлээс шалтгаалан зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний хэвийн, аюулгүй байдлыг хангах асуудлыг онцгойлон анхаарууллаа.
Энэ хүрээнд улсын болон олон улсын чанартай авто замын байнгын бэлэн байдлыг хангах зорилгоор авто замын засвар, арчлалтын байгууллагууд буюу “АЗЗА” ТӨҮГ-ууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж, замын нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах зохион байгуулалтыг сайтар ханган ажиллахыг үүрэг болголоо.
Мөн халтиргаа гулгаа ихээр үүсдэг эрсдэлтэй хэсэг болон гол зам, даваанд ашиглах давс, цас хайлуулах бодис, мөн түлш, шатахууны нөөцийг урьдчилан бүрдүүлж, замын нөхцөл хүндрэх үед шуурхай ашиглахад бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхаарууллаа.
Мөн улсын болон олон улсын чанартай авто зам ашигласны төлбөрөөс төвлөрч буй орлого, төлбөр хураамжийн хэрэгжилтийг ил тод мэдээлж, уг орлогыг авто замын өвөлжилтийн бэлтгэл, замын арчлалт, элс, давс болон бусад шаардлагатай материалын нөөц бүрдүүлэхэд үр ашигтай зарцуулах төлөвлөлт хийхийг холбогдох нэгжүүдэд үүрэг болгов.
БАГАХАНГАЙ ХӨШГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХИЙНЭ
Төмөр замын салбарт Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан холбогдох байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагад үүрэг болголоо.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ төслийн талбайд ажиллаж буй БНХАУ-ын иргэдийн ажиллах орчин, нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний эрхтэй холбоотой асуудлаар Өмнөговь аймгийн холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллахыг чиглэл болголоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ирэх долоо хоногт ажлын хэсгийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцахын зэрэгцээ БНХАУ-ын талтай холбогдох уулзалт, хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр мэдээллээ.
Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагад өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай вагон зохицуулалтыг шуурхай хийхийг үүрэг болголоо.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦЭЭГ ДАХИН ТОВЛОЖ, ТОДОРХОЙ ШИЙДЭЛД ХҮРНЭ
Манай улсын олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааны ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан орон нутгийн нислэгийн цаг хойшлох, хүлээгдэл үүсэх, нийслэл хотын түгжрэл, түлш шатахууны асуудал зэрэг зорчигчдод хүндрэл үүсэж байгаа олон талын асуудлаас үүдэн орон нутгийн нислэгийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх боломжийн талаар Японы талтай хийх уулзалт, хэлэлцээг дахин эрчимжүүлж, холбогдох уулзалтуудыг товлон ажиллахыг үүрэг болголоо.
Мөн “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн олон улсын нислэгийн хураамж энэ онд нэмэгдсэнтэй холбогдуулан талуудын хооронд холбогдох зохицуулалтыг дахин хэлэлцэж, асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэл өглөө.
Иргэний нисэхийн үндэсний төвд Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв буюу “Цэнхэр барилга”-ын ажлын явцыг эрчимжүүлж, барилгын дээвэр болон гадна фасадын шинэчлэлийн ажлыг шуурхай хийж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг дахин санууллаа.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийг агаарын хөлгийн парк шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх хүрээнд гадаад дотоодын уулзалт хэлэлцээрүүдийг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллахыг чиглэл болгов.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫН АЖЛЫН ЦАГ АШИГЛАЛТ, БҮТЭЭМЖИД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Зам, тээврийн яам болон харьяа байгууллагын удирдлагуудад төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны дэг журам, ажлын тасралтгүй, шуурхай байдлыг хангаж, албан хаагчдын цагийн болон ажлын хариуцлагыг сайжруулахыг үүрэг болголоо.
Мөн гадаад томилолт, хувийн ажлын чөлөө, ээлжийн амралтыг байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг алдагдуулахгүйгээр зохицуулах, салбарын сайдад хэлж чөлөө зөвшөөрөл авч байхыг санууллаа.
Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн шаардлагыг чанд мөрдөж, төрийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай, хариуцлагатай байдлыг ханган ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болгов.
ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ


